Oyu’s words
2 min readMar 9, 2021

Цаг хугацааны хэмжүүр

Цаг хугацааг анхнаасаа хэмждэггүй байсан бол дэлхий ертөнц яг ямар байх байсан бол?

Цаг хугацааны үнэ цэнийг бид ойлгоогүй байсан бол бид яг хаана юу хийж яваа бол?

Хоёрхон минут хоцроход л хамаг зүйл нэгэнтээ өнгөрч яаж ч хичээгээд буцааж чаддаггүй нь үгүй ээ мөн их хяслан шүү. Ингээд бодохлоор хүн төрөлхтөн бид өөрсдийгөө бурхны төгс бүтээл хэмээн хэтэрхий эрт өргөмжилсөн ч юм шиг. Бид ертөнц дээрх амьтад дундын хамгийн сайн нэг хувилбар байж болох ч цаг хугацааг хүссэнээр эзэмшиж чаддагсан бол хичнээн сайхан бэ? Хэрэв тэгвэл бид төгс рүү нилээн дөхөж болох л юм.

Би тэрнээс жаахан суга хийчихлээ дээ, одоо ч хэт оройтлоо доо, хэт залуу байна даа, тэр арай л эрт амжилтанд хүрчихлээ дээ, өдий болчихоод хаагуур юугаа хийгээд явдаг байна аа, энэ нэг юм ийм удаан хугацаа өнгөрсөн ч огт өөдөлсөнгүй, тэрнээс түрүүлээд энийг авчих юмсан, цаг нь болоогүй байхад л хамраа сөхөж байна даа гэх мэтчилэн бие биенийгээ ямар нэг зүйлээр хэмжиж бие биетэйгээ яагаад ч юм уралдаад л, өрсөлдөөд л байдаг. Гэтэл аливаа зүйлд өөр өөрийн гэсэн цаг хугацаа бий.

Бид хэнтэй ч уралдаж, хэнтэй ч өрсөлдөх гэж хүн болж төрөөгүй шүү дээ. Хамгийн гол зүйл нь өөрт олгогдсон цаг хугацааг чадахаараа ашиглаж, чадахаараа таатай өнгөрүүлж, танил дотно нэгэндээ үргэлж дурсагдах нандин дурсамж үлдээж, чадахаараа хайрлаж, чадахаараа хайрлагдах гэдгийг өнөөдөр надтай нэг нийгэмд ажиллаж, суралцаж, амьдарч байгаа таныг ойлгож байгаа гэж найдаж байна.

Би хэнтэй ч өрсөлдөж, уралдах шаардлага байхгүй. Бүх зүйл цаг хугацаатай байдаг. Цаг нь ирэхээр бүгд л яг эхэлсэн шигээ дуусах л болно. Нэгэнтээ бид цаг хугацааг удирдаж чадахгүйгээс хойш өөрт олдсон багахан хугацааг үнэ цэнэтэй өнгөрөөх нь л хүн болж төрсний хамгийн том эрх байх даа.

Китз 2020

Oyu’s words
Oyu’s words

Written by Oyu’s words

#Student #traveller #creatingmyself #learninghowtobehuman #freespirit #blogger #minimalist #recycledteenager nomadicsoul

No responses yet