Oyu’s words
2 min readDec 3, 2020

Сурсан зан

Нэг өглөө охин маань угаалгын өрөөнд орж ирээд, нэг их гайхсан хоолойгоор:

-Ээжээ та яагаад дандаа юмнуудаа дуусахаар нь шууд хаячхалгүй дундуур нь хайчлаад байдаг юм бэ? гэж асуув. Гэнэт л түс хийтэл ар нуруу руугаа цохиулаад авсан мэт мэдрэмж төрөв. Хэсэгхэн зуур юу гэж хэлэхээ мэдэхгүй сандарч, жаахан бодоод:

-Хонгор минь дээ, ээж нь ахтайгаа, эгчтэйгээ, дүү нартайгаа олуулаа өссөн болохоор түрүүлж угаахгүй бол оо дуусчихдаг, түрүүлж хэрэглэхгүй бол саван дуусчихдаг, түрүүлж ирэхгүй бол боорцог дуусчхдаг тийм л нийгэмд өссөн болхоор тэр шүү дээ. Мөнгөтэй байсан ч оо олддоггүй, мөнгө байлаа ч хэрэгтэй зүйлсүүд олддоггүй, олдсон ч гамнаж хувааж хэрэглэдэг бүх юм ховор үед өссөн юм. Олуулаа болохоор үргэлж л гамнаж хэмнээд сурчихжээ.

Сурчихсан болохоороо л гамнах гээд л дундуур нь хайчлаад байдаг байхгүй юу. Миний охин ийм сайхан нийгэмд, дээрээс нь дүү ч байхгүй ганцаараа байгаа болохоор одоохондоо ойлгохгүй л дээ. Гэхдээ удахгүй том болохоороо ойлгох байх аа.. гэтэл,

-аан тийм үү, хөөрхий миний ээж, их л хэцүү байсан байхдаа гэсээр өрөө рүүгээ сэмээрхэн явчхав.

Ичмээр юм. Анх удаа хүүхдийнхээ өмнө ийм тэнэг байдалд орж үзлээ. Нээрээ л шүүгээ рүү харвал дундуур нь хайчилчихсан гарын тос, оо, ус хийгээд шингэлчихсэн саван жирийтэл өрөөтэй байлаа. Өөрийгөө толинд харах гэтэл өөрийн эрхгүй өөрийгөө шоолж элэгээ хөштөл. инээлээ.

Нээрээ л хэцүү үе байж дээ. Өөрийн эрхгүй л гамнаад хэмнээд байдаг. Одоо ч цаг үе өөрчлөгдөж дээ. Мөнгө нь л байвал хүссэн зүйлсээ зоргоороо хэрэглэж болдог, сайхан шүү. Юмс ховрын үеийн энэ арвич хямгач зангаа хаях цаг нь нэгэнтээ болж дээ..

-Миний охин! Хурдан хувцаслаарай, хоёулаа дэлгүүр явья…

Шинэ тос, оо авна аа!

Китз

Oyu’s words
Oyu’s words

Written by Oyu’s words

#Student #traveller #creatingmyself #learninghowtobehuman #freespirit #blogger #minimalist #recycledteenager nomadicsoul

No responses yet