Шалгалтын айдас ба шалгалтанд бэлдэх зөв арга барил
Бидний амьдралын салшгүй нэгэн хэсэгт суралцах, мэдлэг боловсрол олж авах нь томоос том үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл бид тэрхүү сургалтаар олж авсан мэдлэгээ шалгалт хэмээх шалгуураар бататгадаг. Үр дүн ямар байхаас шалтгаалаад бидний сурах үйл явц ямархуу шатанд явж байгаагаа төвөггүйхэн мэдэж авч болдог. Тэгвэл энэ том шалгуурт тэнцэхийн тулд өөрт тохирсон сурах арга барилтай байна гэдэг том давуу тал болж өгдөг. Тэгвэл би энэ удаа та бүхэндээ өөрийн шалгалтанд бэлддэг аргуудаасаа хуваалцахаар шийдээ.
Шалгалтанд бэлдэх зөв арга барил:
Оюутан, сурагч хүний давах ёстой даваануудын нэг бол яалт ч үгүй Шалгалт байдаг билээ. Шалгалтаар дамжуулан тухайн хүн өөрийн юу сурсан, тодорхой нэгэн сургалтаас чухам ямар мэдлэгтэй үлдсэн зэргээ дүгнэж болох ба үүгээр дамжуулан тухайн сэдвийн дагуу дахин судлах ёстой эсэхээ шийдэж болох тодорхой нэгэн шалгуур билээ. Энэхүү том давааг зөв арга барилаар бэлдэж сурвал таны цаг хугацааг хэмнээд зогсохгүй мэдлэгийн санд тань ихээхэн түлхэц өгөхөд туслах болно.
1. Шалгалтанд бус өөртөө зориулж бэлдэх
Энэ нь ихэнх хүмүүс яг тэр сэдвийг шалгалтанд зориулж хальт мултхан бэлдснээрээ том алдаа гаргадаг. Ингэснээрээ тухайн мэдлэгийг өнөөх шалгалтынхаа дараа шууд л мартчихдаг. Өөрөөр хэлбэл та үр бүтээлгүй суралцаад зогсохгүй тухайн мэдлэгийг өөрийн болгож бүрэн боловсруулж чадахгүй байгаа хэрэг юм. Ингэхгүй байхын тулд та юун түрүүнд тухайн шалгалтын сэдвийг сонирхож судлах нь хамгийн үр дүнтэй арга юм. Дүнгийн төлөө бус тухайн судалж буй онол, сэдэв амьдралд ямар байдлаар хэрэгждэг талаар эхлээд сайтар дүгнэлт хийн, дараагаар нь сонирхолтой жишээ кэйс дээр ажиллаж сурвал таньд үлдэх үлдэц нь арвин байх болно. Үр дүн ямар байх нь хамаарахгүйгээр мэдлэг эцэст нь таньд л үлдэнэ. Өөрөө өөртөө зориулж бэлдэхээ мартаж болохгүй шүү.
2. Тодорхой сэдвүүдийн дагуу жагсаалт гаргах
Энэ нь явц дундын шалгалтанд хамаарах бөгөөд таны цаг хугацааг хэмнэхэд туслах болно. Ихэнх багш чиглүүлэгчид уншиж бэлдэх ёстой сэдвүүдийг ерөнхийд нь дурьддаг учраас тухайн сэдвүүдээр бэлдэх нь бэлтгэх шаардлаггүй олон өөр төрлийн сэдэв уншиж цаг алдахаас урьдчилан сэргийлдэг. Өөрөөр хэлбэл хэрэгтэй үедээ зөв сэдэвээ сонгон судална гэсэн үг.
3. Шалгалтанд бэлтгэх цагийн хуваарь гаргах
Насанд хүрсэн эрүүл хүний аливаа зүйлд анхааралтай төвлөрөх чадамж дунджаар 90 минут харин хүүхдийн төвлөрөлт 30 минутаас хэтэрдэггүй болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Төвлөрөлтийн чадамж тухайн хүний наснаас хамаараад өөр өөр хугацаатай байдаг. Жишээлбэл: 2 нас- 7 минут, 3 нас- 9 минут, 4 нас- 12 минут, 5 нас-14 нас гэх мэт.
Ийм учраас нэгж хичээлийн үргэлжлэх хугацаа бага ангийн нэгж цаг 30 мин өөр өөр байдаг байх нь. Нэг сэдвийн хүрээнд 90 минутын туршид өөр зүйлд сатаарахгүйгээр тогтож сууж бэлдэх нь бүтээмж өндөртэй суралцахад тусална. Үүний дараа 10–20 минутын завсарлага аваад бэлтгэлээ үргэлжлүүлэх юм. 20 минутаас илүү завсарлага авахад хүний тархи хийцгүй байдалдаа дасах буюу Confort zone-доо үлдэхийг ятгадаг. Энэ нь хүний биед идэвхгүй сигнал буюу залхуурах мэдрэмжийг өгдөг. Шалгалтанд үр дүнтэй бэлдэхийн тулд бид тархиа байнгын идэвхтэй ажиллуулах хэрэгтэй. Хэдий удаан завсарлана төдий чинээгээр бидний тархи идэвх буюу бүтээмж буурдаг байна. Иймээс завсарлага 20 минутаас хэтрүүлэхгүй байх нь зүйн хэрэг.
4. Завсарлагааны амттан.
Идэвхтэй байдлаа хадгалж үлдэх хамгийн сайн арга- Амттан буюу сахар нь хүний биед сэргээш шиг нөлөөлдөг бөгөөд удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэх зүйл хийх гэж байгаа бол сэргээш болгож сахарын хэмжээ өндөртэй амттан хэрэглэдэг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж идэвхтэй байдлаа хадгалахад тус болдог. Жишээлбэл: Германд хүмүүс олон цагаар машин барих гэж байгаа тохиолдолд кофе гэхээсээ илүү амттан, шоколад, резинэн чихэр иддэг. Энэ нь унтаа байдлаас сэргийлдэг гэж үздэг учраас тэр шүү дээ. Эсрэгээрээ унтахаас өмнө буюу үдээс хойш амттан идэх нь нойр хулжиж шөнө оройтож унтах нигууртай.
5. Шалгалтын өмнөх өдөр
Ихэнх оюутан сурагчдын гаргадаг түгээмэл алдаа бол шалгалтын цагийг тулгаж, дөнгөж өмнөх өдөр нь маш их шинэ мэдээллийг ямарч шүүлтүүргүй уншиж судалдаг. Энэ нь маш буруу төдийгүй үр дүн багатай аргад тооцогддог. Маш богино хугацаанд их хэмжээний мэдээллийг цээжлэх, судлах нь эргээд тархинд анализ хийх хугацааг өгч чадалгүй ар араас нь шинэ мэдээллээр бөмбөгдсөнөөрөө эргээд тухай бүх мэдээллийн түргэн мартах, ойлгохгүй үлдэх муу талтай.
Шалгалтын өмнөх өдөр ямар нэгэн шинэ мэдээлэл уншилгүйгээр тархийг амрааж урьд уншиж судалсан мэдээллүүдээ бататгаж, сэргээн санах маягаар өөрийн хийсэн товчлол, тэмдэглэгээгээ ахин нягтлан харах нь зүйтэй.
Шалгалтын өмнөх өдөр өөрийгөө аль болох тайван байлгах шаардлагатай. Ингэснээр тархи авсан мэдээллийн өөртөө автоматаар хадгалахад тусалдаг. Эсвэл хамт шалгалт өгөх хүмүүстэйгээ уулзаж сэдвийн дагуу анализ хийнгээ ерөнхийлөн багцалж ярих нь хамгийн үр дүнтэй аргуудад тооцогддог. Хэт их санаа зовниж, өөрөө өөрийгөө стресстүүлэх нь таны сурсан судалсан зүйлийг автоматаар устгах команд өгснөөс ялгаагүй тул аль болох өөрийгөө тайван байлгаж спортоор хичээллэх, гүйх, магадгүй йог хийх нь судалсан мэдээллээ зөв аргаар тунгаа боловсруулж, мэдлэгийг өөрийн болгох төдийгүй шалгалтын өмнөх сэтгэл зовнилоос ангид байлгах бас нэгэн үр дүнтэй арга гэж эрдэмтэд зөвлөдөг.
6. Шалгалтын өдөр
Ихэнх хүмүүст шалгалтын өдөр тодорхой хэмжээний айдас буюу стресс илэрдэг. Үүнд: Алга хөлрөх, шээс хүрэх, ойр ойрхон шүлсээ залгих, зүрхний цохилт түргэсэх, бие бадайрч өвдөх, хөлрөх, төвлөрч чадахгүй байх, элдэв муу зүйл бодох зэрэг багтдаг. Та ганцаараа биш. Дэлхий дээр энэ төрлийн асуудалтай хэдэн зуун мянган хүмүүс бий. Хэрвээ та ийм төрлийн айдастай бол танд тусалж магадгүй хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Усан үзэм — Хэрвээ та аливаа зүйлд маш их хичээл зүтгэл гаргасан ч 100 хувь төвлөрч чадахгүй байгаа бол таны цусан дахь сахарын хэмжээ бага байна гэсэн үг. Ийм тохиолдолд шалгалтын өдөр өглөөний цайндаа усан үзэм идвэл зохино. Усан үзэм цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгадаг бөгөөд ногоон усан үзэм анхаарлаа төвлөрөхөд тань туслах болно.
2. Шалгалт өгөх газраа хэт эрт бүү оч.
Мэдээж хэрэг эртэч байна гэдэг буруу зүйл биш. Гэхдээ та шалгалтын өмнөх сэтгэл зовнилтой байгаа бол эрт очлоо гээд юуг ч өөрчилж чадахгүй шүү дээ. Шал дэмий хаалганы гадна удаан хугацаагаар сандарч суухаас өөр нэмэр байхгүй. Хэт эрт очих нь таны стрессийн төвшинг улам нэмэгдүүлэх аюултай тул яг л 15 минутын өмнө бэлэн байхад л болдог.
3. Өөрийгөө тайвшруулж Brainstorming хийх.
Өглөөний цайны үе тархины хувьд хамгийн сэргэг үе байдаг. Яг энэ цагаар тайван суугаад шалгалтанд бэлдэх явцдаа өөрийнхөө хийсэн тэмдэглэл, товчлолыг хянах гүйлгэн харах нь маш үр дүнтэй арга бөгөөд ингэснээрээ Brainstorming хийх буюу тархинд хэрэгтэй мэдээллүүдийг маш богино хугацаанд цуглуулах боломжийг олгодог. Энэ цагаар авсан мэдээлэл тархинд удаан хугацаагаар үлддэг тул мартах тал дээр санаа зоволтгүй.
Эцэст нь хэлэхэд миний зөвлөсөн дээрх аргууд таньд шалгалтаа амжилттай өгөхөд туслах байх гэдэг найдаж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар тус бололгүй та дахиад л шалгалтандаа унасан бол сэтгэлээр унах хэрэггүй дээ. Таньд дахиад туршиж үзэх өөр олон олон аргууд байгаа. Дахиад өөрийг туршаад үзэхэд алдах зүйл байхгүй шүү дээ. Дүн чухал биш танд үлдэх мэдлэг л хамгийн чухал гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Тэнгэр нураад ирчхээгүй цагт өөрт таарсан зөв арга барилаа та олж л таараа. Танд амжилт хүсье.
Оюу
21.11.19 КБ